Энэ онд Нийслэлд 200 гаруй тэрбумаар бүтээн байгуулалтын ажил хийнэ
Манай улсын барилгын салбар 2012-2014 онд эрчимтэй өссөн байдаг. Гэвч улсын эдийн засгийн тогтворгүй байдал, хямралын жилүүдэд уналтад ороод байсан юм. 2018 онд барилгын салбарт нэлээд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжих учраас энэ салбарт өсөлт гарна гэж холбогдох албаны хүмүүс болон зарим мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж. Тухайлбал, Хятадын хөнгөлттэй зээлээр орон сууцны төсөл хэрэгжиж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг үргэлжлүүлнэ.
Мөн БНСУ-аас авах 500 сая ам.долларын зээлийг Засгийн газраас орон сууцны төсөлд зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс гадна Нийслэлийн хэмжээнд гэхэд энэ онд бүтээн байгуулалтын ажлууд нэлээд өрнөхөөр, зарим ажил эхэлжээ. Тухайлбал, Нарны зам болон Яармагийн гүүрэн замуудын ажил эхлүүлж, зүүн дөрвөн замд давхар замын уулзвар барих юм.
Энэ онд улсын нэгдсэн төсвөөс зөвхөн Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтын ажилд 200 гаруй тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. Нийслэлд нийт 50 гаруй сургууль, 30 гаруй цэцэрлэг барих аж. Шинээр барих “Төв цэвэрлэх байгууламжийн ажил” өрнөнө. БНСУ-ын тусламжтайгаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийг ч шинэчилж дуусна. Мөн 2018 оны эцэс гэхэд дэлхийн жишигт нийцсэн дүүргийн нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно. 2019 оноос Чингэлтэй, Хан-Уул дүүрэг дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй болно гэж Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн.